COSCAP-NA, ИНЕГ-аас хамтран зохион байгуулсан “SSP, SMS хүний хүчин зүйлтэй уялдах нь” сэдэвт сургалтын багш, ноён Jacque Astre-тай хийсэн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас ирсэн юм.
- Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө та сургалтынхаа талаар товч танилцуулахгүй юу?
- Сургалт маань Олон улсын иргэний нисэхийн байгууллагын бүсийн оффис болох COSCAP-NА-тай байгуулсан гэрээний дагуу ИНЕГ-тай хамтран зохион байгуулж байгаа сургалт юм. Олон улсад иргэний нисэхийг хөгжүүлэх ажлын хүрээнд хүний хүчин зүйлийг зайлшгүй судлах шаардлага гарч тулгарч байгаа. Тодруулбал, хүн нийгэм-техникийн орчинд (хүн хүнтэйгээ болон автоматжсан орчинд) хэрхэн ажиллаж байна вэ, хоорондоо харилцах, бие биедээ нөлөөлөх, дүрэм журмыг дагах, соёлын ялгаа хэрхэн нөлөөлж байгааг зэргийг судалдаг. Жишээ нь дэлхий даяар нисгэгч нарт физиологийн болон сэтгэл зүйн онцлогтой уялдан аюулгүй ажиллагааны тодорхой соёл тогтсон байдаг.
Хүний хүчин зүйлийг судлахын гол зорилго нь хүнийг алдаа гаргахаас 100% сэргийлж чадахгүй учраас хүний алдааг багасгаж, алдаа гаргахаас зайлсхийх, эрсдлийг хамгийн бага түвшинд барьж, эрсдлийг удирдахад оршдог. Үүний тулд хүн өөрийг нь болон түүнд нөлөөлөх хүрээлэн буй орчинг бүхий л талаас нь судалж байгаа юм. Нисэхийн салбар дахь аливаа өсөл зөрчлийн 80 хувь нь хүний хүчин зүйлээс хамаарч байна гэж сүүлийн үед үзэж байгаа. Тиймээс дэлхий даяар иргэний нисэхийн салбарт хүний хүчин зүйлтэй холбоотой асуудлууд яригдсаар байсан боловч 1990-ээд оноос эхлэн эрчимтэйгээр судлагдаж эхэлсэн. 1980-аад оныг хүртэл аливаа осол, зөрчил гарахад шууд нисгэгчийн алдаа гэж үздэг байсан л даа. Харин 1990 оноос хойш зөвхөн нисгэгчийн алдаа бус, өөр хүчин зүйлсүүд нөлөөлсөн байна гэж хүлээн зөвшөөрдөг болсон. Тухайлбал, хүрээлэн буй орчин, байгууллагын бодлого, үйл ажиллагаа, аюулгүй ажиллагааны соёл гэх мэт зүйлсүүд осол, зөрчилд нөлөөлж байна.
Мөн хүний хүчин зүйлийн бас нэг чухал бүрэлдэхүүн нь аюулгүй ажиллагааны соёл, түүнийг төлөвшүүлэхийн ач холбогдол юм. SMS/ Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо/ нь иргэний нисэхийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хэвшүүлэх шаардлагатай тогтолцоо. SSP/Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны үндэсний хөтөлбөр/нь тухайн улс аюулгүй ажиллагаагаа сайжруулахад чиглэсэн хөтөлбөр юм. Энэ сургалтаар эдгээр зохицуулалтуудтай хүний хүчин зүйл хэрхэн уялдсан байна вэ, аюулгүй ажиллагааны соёл нь гол үндэс суурь болох тухай сэдвийн хүрээнд болсон. Хүний гаргадаг алдааг багасгахгүйгээр аюулгүй ажиллагааны үзүүлэлтийг сайжруулах аргагүй юм.
- SMS болон SSP хөтөлбөрийг хүний хүчин зүйлтэй уялдуулсан хэрэгжилтийн талаар Монголын болон бусад улсын туршлагуудаас хуваалцвал?
- Сургалтад хамрагдаж байгаа ажилтнууд энэ талаар маш их хэлэлцсэн. Үүний үр дүнгээс харахад Монгол Улсын хувьд SMS, SSP-н хэрэгжилт нь алдаа хийсэн ажилтныг шийтгэх эсэх үйл ажиллагаанаас шууд хамаарч байна. Алдаа нь санаатай бусаар үйлдэгдсэн байхад мэргэжлийн хүмүүсийг гэмт хэрэгтэн мэтээр шийтгэх юм бол энэ хөтөлбөрүүд хэрэгжихгүй ба үр дүнгээ өгөхгүй.
АНУ-ын FAA 1980-д оны үед шийтгэлийн бодлогыг баримталдаг байсан, тэр нь үр дүнгүй байсан талаар сургалтан дээр жишээ танилцуулсан. Алдааг санамсаргүй гаргасан байхад шийтгэх юм бол аюулгүй ажиллагааны соёл төлөвшихгүй ба цаашид сайн дураар мэдээлэл ирүүлэх, аюул заналыг таних, эрсдлийг үнэлэх ажлууд хийгдэх боломжгүй болно. Энэ нь аюулгүй ажиллагаанд эерэг гэхээсээ илүү сөргөөр нөлөөлдөг. АНУ-д 1969 онд тохиолдсон агаарт мөргөлдсөн ослын дараа FAA-с холбогдох байгууллагуудыг шийтгэх арга хэмжээ авсан ч тэр нь цаашид осол зөрчлийг бууруулахад ямар ч эерэг нөлөө үзүүлэхгүй байсан. Тиймээс тус газраас аюулгүй ажиллагааны мэдээллийг сайн дураар өгөх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн жишээг бид судалсан. Өнөөдөр АНУ-д аюулгүй ажиллагааны мэдээллийг хүлээн авах систем бүрэн боловсорч тогтсон. Энэ нь сүүлийн хэдэн жилд аюулгүй ажиллагаа дээд түвшинд хүрч, үзүүлэлтүүд сайжрахад маш чухал нөлөө үзүүлдэг. Танай улсын хувьд салбарын гол хууль, бусад зохицуулалтууд болон сайн дурын мэдээлэл өгөх систем нь хоорондоо зөрчилдөхгүй байх, уялдаа холбоотой байх нь зүйтэй. Зарим тохиолдолд зааварчилгааг дагасаар байхад л алдаа гарсан тохиолдол байдаг, иймд алдаа гаргасан зорилго, шалтгааныг сайтар тодруулж хүний хүчин зүйлийн бүхий л талаас нь авч үзэх, шинжлэн шалгах хэрэгтэй.
- Хүний хүчин зүйлийн асуудал яригдахад иргэний нисэхийн салбарын мэргэжлийн боловсон хүчний асуудал сөхөгддөг. Монгол Улсын хувьд ч ялгаагүй. Та энэ талаар ямар зөвлөмж өгөх вэ?
- Энэ асуудал маш олон улсуудад тулгараад байгаагийн нэг нь Монгол Улс. Байцаагч нарын цалин хангамж нь агаарын тээвэрлэгчийн ажилчдынхаас доогуур байдаг бөгөөд ихэнх иргэний нисэхийн байгууллагууд хангалттай хэмжээний төсөв батлуулан авч чаддаггүй юм билээ. Нөгөө талаар байцаагч нар хяналт тавих, үзлэг шалгалт хийх, ажил үүргээ гүйцэтгэх чадамжтай байх хэмжээний сургалтад хамрагдсан байх ёстой. Салбарын гол хуулиндаа иргэний нисэхийн байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх хэмжээний зардлыг гаргах чадамжтай байх талаар суулгаж өгөх нь зүйтэй боловуу. Төсөв хангалтгүйгээс болоод мэргэжлийн боловсон хүчин байхгүй, ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай дүрэм журам бүрэн тогтоогүй, хуулийн заалтууд хоорондоо зөрчилдөх зэрэг байдал нь эргээд агаарын тээвэрлэгч нарт аюулгүй ажиллагааны стандартыг мөрдүүлэхэд бэрхшээл болдог. Жишээ нь дэлхийн нэлээд хэдэн улс орнуудын иргэний нисэхийн байгууллагууд хангалттай боловсон хүчингүй, журам зааварчилгаа байхгүйгээс болоод гэрчилгээжүүлэлтийн 5 үе шатыг бүрэн хийж гүйцэтгээгүй байдаг. Салбарын хууль, бусад холбогдох хуулиуд, иргэний нисэхийн дүрэм зэрэг үндсэн баримт бичгүүд хоорондоо маш сайн уялдаж, иргэний нисэхийн байгууллага нь тэдгээрийг нийтэд сурталчилж байж SMS, SSP хөтөлбөрүүд үр дүнгээ өгнө.
- Та иргэний нисэхийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад ямар зөвлөгөө өгөх вэ?
- Юун түрүүнд иргэний нисэхийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд иргэний нисэхийн удирдах байгууллагатайгаа хамтран ажиллах хэрэгтэй. Иргэний нисэхийн удирдах байгууллагын хувьд хяналтаа тавих болон аюулгүй ажиллагааг хангуулах тэнцвэрийг хадгалах нь зүйтэй. Бүх үйл ажиллагааг шалгаж баталгаажуулах гэвэл боловсон хүчин хүрэлцэхгүйгээс гадна иргэний нисэхийн үйлчилгээний байгууллагуудын өсөж дэвжихэд нь хүндрэлтэй байх болно. Хоёрдугаарт, аль аль талууд ОУИНБ-ын стандартыг баримталж дагах нь хамгийн дөт бөгөөд зөв зам байх болов уу. – Танд баярлалаа.