Нийтлэгдсэн 2019-10-09

ИКАО-ЫН АУДИТЫН БАГТ А.АМАРБОЛД АЖИЛЛАНА

Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Ази, Номхон далайн орнуудын бүсийн төв оффис(APAC)-оос Бүгд Найрамдах Филиппин Улсын нисэхийн аюулгүй ажиллагааг шалгах аудитын багт ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн байцаагч А.Амарболд орж ажиллахаар боллоо.

ИКАО “Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын олон талт хөтөлбөр (USAP-CMA)”-ийн хүрээнд шалгалт хийх аудитын багт А.Амарболдыг урьж ажиллуулах хүсэлтээ ИНЕГ-ын даргад өнгөрсөн сард ирүүлээд байсан юм.

Ийнхүү Монголын иргэний нисэхийн байгууллагын мэргэжилтэн олон улсын мэргэжлийн байгууллагад үнэлэгдэж, Филиппин улсад шалгалт хийх олон улсын багт орж ажиллахаар болж байна.

А.Амарболд энэ долоо хоногийн сүүлээр эх орноосоо мордох бөгөөд ИКАО-ийн мэргэжилтнүүдтэй Филиппин улсад энэ сарын 14-18-ны өдрүүдэд ажиллах юм. Тэрбээр Олон улсын Иргэний нисэхийн байгууллагаас өгөгдсөн удирдамж, төлөвлөгөөний дагуу Филиппин Улсын иргэний нисэхийн аюулгүй ажиллагааг хангах үйл ажиллагаанд аудит шалгалт хийхдээ үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийг “Personnel Licencing” чиглэлээр шалгаж ажиллана. Улмаар аудит шалгалтын тайлангаа Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази, Номхон далайн орнуудын бүсийн төвд гаргаж өгснөөр түүний энэ удаагийн олон улсын ажил дуусна.

Алтанхуягийн Амарболд нь 2016 оноос НААХЗА-ны Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн байцаагчаар (PEL inspector) ажиллаж байна. Тэрбээр, 2017 онд Америкийн нэгдсэн улсын “FAA academy” сургалтын байгууллагад нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчийн (Personnel Licensing inspector) сургалтад амжилттай хамрагдсан. Мөн 2017 онд ИКАО -ийн USOAP ICVM аудитад Personnel Licensing (PEL) чиглэлээр шалгуулж байсан чадварлаг боловсон хүчний нэг юм.

2018 онд ИНЕГ олон улсын иргэний нисэхийн байгууллага(ICAO)-ын аюулгүй ажиллагааны олон талт хөтөлбөрийн байнгын хяналтын аргачлал(USOAP CMA)-ын алсын зайны сургалтад 12 мэргэжилтнийг (computer based training – CBT) Personnel Licencing чиглэлээр сургасан. Эдгээр суралцагчдын нэг нь А.Амарболд байсан билээ. ИКАО Филиппин улсын нисэхийн аюулгүй ажиллагааг шалгах энэ удаагийн аудитын багыг бүрдүүлэхдээ дээрх олон улсын сургалтуудад хамрагдсан байдал, ажлын туршлага, Монгол Улс хоёр жилийн өмнө ИКАО-ын аудит шалгалтад амжилттай хамрагдсан зэргийг шалгуур үзүүлэлт болгон А.Амарболдыг оролцуулхаар урьсан юм байна.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper