ИНЕГ-ын даргын 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн А/639 тоот тушаал, баталсан удирдамжийн дагуу 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 8 дугаар сарын 17-ны өдрүүдэд Тайландын Вант Улсын Бангкок хотноо Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-ын Ази, номхон далайн бүсийн төв болон Олон улсын Агаарын тээвэрлэгчдийн холбоо /ИАТА/-оос хамтран зохион байгуулсан “ISAGO-Газрын үйл ажиллагаанд хийх аюулгүй ажиллагааны аудит” сэдэвт сургалт семинарт НААХЗА-ны Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн байцаагч Ж.Содзаяа, тус хэлтсийн мэргэжилтэн Ц.Аззаяа нар нар хамрагдлаа.
Энэхүү сургалт семинар нь олон улсын стандарт шаардлагын хүрээнд агаарын тээвэрлэгчийн газрын үйл ажиллагаанд хэрхэн аюулгүй ажиллагааны аудит хийх болон энэхүү аудитад хамрагдсанаар нисэх буудлууд, Иргэний нисэхийн удирдах газарт ямар ашиг тус, үр дүн гарах талаар туршлага судлах, мэдлэг олж авах зорилготой.
Сургалтыг Паул Флеминг – ИАТА-ийн Нислэгийн аюулгүй ажиллагааны Газрын үйл ажиллагаа хариуцсан хяналтын албаны дарга заасан.
Сургалт өглөө 09.00-17.00 цагийн хооронд ИКАО-ын Ази номхон далайн бүсийн төвийн хурлын танхимд зохион байгуулагдав.
Сургалтын хугацаанд танилцсан сэдвүүд:
- Газрын үйл ажиллагаанд хийх ISAGO аюулгүй ажиллагааны аудитын хөтөлбөр
- Газрын үйл ажиллагаанд хийх ISAGO аюулгүй ажиллагааны аудитын үр дүн
- Газрын үйл ажиллагааны стандарт заавар /Хэвлэлт 8/
- Газрын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын аюулгүй ажиллагааны удирдлагын систем
- Агаарын тээвэрлэгч, газрын үйлчилгээ үзүүлэгч байгууллагын бүтэц, удирдлага зохион байгуулалт
- Газрын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад хийх ISAGO аюулгүй ажиллагааны аудит
- Агаарын тээвэрлэгчийн газрын үйл ажиллагаанд хийх ISAGO аюулгүй ажиллагааны аудит
- Газрын үйл ажиллагаанд аюулгүй ажиллагааны аудит хийснээр нисэх буудлуудад гарах үр дүн, ашиг тус
- Газрын үйл ажиллагаанд аюулгүй ажиллагааны аудит хийснээр Иргэний нисэхийн удирдах газарт гарах үр дүн, ашиг тус
Энэхүү сургалт семинарт хамрагдсанаар ISAGO газрын үйл ажиллагааны аюулгүй ажиллагааны аудитын зарчим, гарын авлага, аудит хэрхэн хийгддэг аргачлалтай танилцаж, энэхүү аудитаар илэрсэн зөрчлийн мэдээг судлаж цаашид агаарын тээвэрлэгчдийн газрын үйл ажиллагаанд хийгдэх үзлэг шалгалтаар анхаарах мэдээллийг олж авлаа. Мөн бусад орны Иргэний нисэхийн байгууллагууд газрын үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавьдаг талаар мэдээллийг авлаа.