Монголын агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах ажлын хэсэг 2 дугаар хурлаа 2019 оны 10 дугаар сарын 18-нд амжилттай зохион байгууллаа.
Монголын агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах ажлын хэсэг 2018 оны 10 дугаар сарын 12-нд анхны хурлаа хийж, бүтэц, зохион байгуулалтаа хэлэлцэж баталж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. MANPING ажлын хэсэгт агаарын навигацийн үйлчилгээнд багтдаг нислэгийн хөдөлгөөний менежмент, холбоо, навигаци, ажиглалтын, нисэхийн мэдээллийн үйлчилгээ, нислэгийн журам, урсгал төлөвлөлт болон цаг уурын үйлчилгээг багтаасан 3 дэд ажлын хэсэг, 13 ажлын багийн бүтэцтэйгээр 1 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байна.
Тус ажлын хэсгийн зорилго:
Олон улсын иргэний нисэхийн байгууллага(ИКАО), APAC-аас хэрэгжүүлж байгаа бодлого, төлөвлөлтийг Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээний хүрээнд судлах, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, төлөвлөлт, хэрэгжилтийг хангаж ажиллах юм.
Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээний өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, цаашид урт, дунд, богино хугацааны төлөвлөлтүүдийг ИКАО/APAC-ийн төлөвлөгөө болон бусад холбогдох баримт бичгийн хүрээнд хөрш зэргэлдээх улс орнуудын үйл ажиллагаатай уялдуулж хийх, судалгаа, шинжилгээнд суурилсан, шинэ технологи ашигласан, оновчтой шийдлүүдийг гаргахад бүх ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх явдал юм. Мөн ICAO-ийн стандарт /SARPs/ болон дэлхийн агаарын навигацийн төлөвлөгөө /GANP/-тэй үйл ажиллагаагаа нийцүүлэх, үр ашигтай байдлыг дээшлүүлэх, агаарын навигацийн үйлчилгээний зөрүүтэй байдлыг тодорхойлох, тэдгээрийг ICAO-д мэдэгдэх; олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг тогтмол мэдээлэх явдал юм.
МАНПИНГ-ын үйл ажиллагаа
МАНПИНГ үндсэн ажлын хэсэг, нислэгийн хөдөлгөөний менежмент, цаг уурын дэд ажлын хэсэг, холбоо навигаци, ажиглалтын дэд ажлын хэсэг, агаарын зайн аюулгүй ажиллагааны дэд ажлын хэсэг болон тэдгээрээс салбарласан 13 чиглэлийн ажлын багуудтайгаар үйл ажиллагаа явуулдаг. Ажлын хэсэг 2019 оны 1 сард үйл ажиллагааны журам гаргаж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаж байна.
Мөн ажлын хэсгийн тогтмол хийгдэх ажлуудыг жилийн төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажилладаг ба ажлын хэсэг, дэд ажлын хэсэг, ажлын багуудын хурлыг тухайн чиглэлийн олон улсын хурал болох хугацаатай уялдуулан төлөвлөж амжилттай зохион байгуулж байна.
2019 онд төлөвлөгөөний дагуу нийт дэд ажлын хэсэг, ажлын багийн 14 хурал зохион байгуулсан бөгөөд ажлын хэсгийн үндсэн 2 дахь хурлаа одоо зохион байгуулж байна. Нийт энэ жил зохион байгуулагдсан хурлуудад давхардсан тоогоор 380 гаруй ажлын хэсгийн гишүүд, төлөөлөгч нар оролцож, 57 илтгэл, 74 шийдвэр, шийдвэрлүүлэх асуудлуудыг хэлэлцлээ.
Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан Seamless ATM plan буюу дэлхийн агаарын навигацийн үйлчилгээний нэгдсэн төлөвлөгөөний дагуу хийгдсэн ажлын тайланд Монгол улсын агаарын навигацийн үйлчилгээ 2018 онд 27% байсныг, агаарын навигацийн үйлчилгээний чиглэлээр хийсэн ажлуудын тайлан, мэдээллүүдийг 2019 онд шинэчилж, залруулан 47,4%-д хүргэлээ.
2019 оны 10 дугаар сарын 18-нд зохион байгуулсан 2 дугаар хурлаараа Агаарын навигацийн үйлчилгээний үндсэн чиг үүргийн хүрээнд 16 нэн чухал асуудлуудыг хэлэлцэж, 2020-2021 оны ИНЕГ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөнд санал хүргүүлэхээр шийдвэрлэлээ.