Монгол Улсын Засгийн газрын 150 дугаар тогтоолоор улсын хэмжээнд зохион байгуулж буй Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт ИНЕГ амжилттай дүн үзүүллээ.
Улсын үзлэгийг дөрвөн үндсэн чиглэлээр явуулснаас ИНЕГ төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтаар 460 оноо авахаас 415, албан хэрэг хөтлөлтөөр 1000 онооноос 925, байгууллагын архивын үйл ажиллагаагаар 1000 онооноос 920, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх, цахим сан бүрдүүлж буй ажлаар 1000 онооноос 960 оноо авч улсын үзлэгт А дүнтэй шалгагдсан байна. Энэ тухай улсын үзлэгийн салбар комисс ИНЕГ-т дүнгийн хурал хийхдээ танилцууллаа.
Улсын үзлэг нь төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль, тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны түвшинг тогтоож, дүгнэлт хийх, түүний үндсэн дээр цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлох гол зорилготой юм.
ИНЕГ-аас Улсын үзлэгт бэлтгэх ажлыг зохион байгуулах үүднээс ИНЕГ-ын даргын тушаалаар улсын үзлэгт бэлтгэх ажлыг зохион байгуулах байгууллагын комиссыг томилж, Архивын ерөнхий газраас ирүүлсэн байгууллагын үйл ажиллагааг дүгнэх үзүүлэлт, аргачлалын дагуу улсын үзлэгт бэлтгэх ажлын төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажилласны үр дүнд ийнхүү амжилттай дүн үзүүллээ. Байгууллагын комисст ажилласан болон харьяа алба, салбаруудын энэ чиглэлийн ажил хариуцсан ажилтнуудад ИНЕГ-ын удирдлага талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.