Монгол Улсад Нисэх хүчин үүсч байгуулагдсаны 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгээс 95 жилийн ойн баярын уриа үг шалгаруулах уралдаан зарлалаа.
Уриа үг шалгаруулах уралдааныг нийтийн дунд зохион байгуулж, сонгон шалгаруулах бөгөөд шалгарсан бүтээлийг 2020 оны турш ойг тэмдэглэн өнгөрүүлэх бүхий л арга хэмжээний баннер, сурталчилгаанд ашиглахаас гадна тухайн жилдээ албан байгууллагын захидлын толгой, ажилтан албан хаагчдын нэрийн хуудас, ойг угтан гаргах бэлэг дурсгалын зүйлс дээр хэвлэгдэн хэрэглэгдэх юм.
Уриа үгийн агуулга, утга төгс, байгууллагын түүхийг орчин үеийн маркетингийн шаардлагад нийцүүлэн товч тодорхой илэрхийлсэн, видео, ном товхимол, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны зурагт хуудас болон бусад материалууд, хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэвлэгдэх тохиромжтой байх шаардлагатай. Уралдаанд оролцогчид зөвхөн өөрийн зохиосон үгээр, бүтээл тус бүрээ тайлбарласан хэдэн ч хувилбараар оролцож болох бөгөөд бусдын бүтээлээс хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бол хүлээн авахгүй.
Уриа үгний уралдаанд ирүүлэх бүтээлийг 2019 оны 11 дүгээр сарын 15 өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 04 өдрийн 12 цаг 00 минут хүртэл 95th_anniversary@mcaa.gov.mn цахим хаягаар хүлээн авна. Уралдааны ялагчийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ИНЕГ-ын вэб хуудсаар зарлаж, 100 мянган төгрөгөөр урамшуулах юм.
Монгол Улсад Нисэх хүчин үүсч байгуулагдсаны 95 жилийн ойн лого, эмблем шалгаруулах уралдааныг тус ойг зохион байгуулах ажлын хэсгээс зарлалаа.
Уралдаанд ирүүлэх бүтээл нь Монгол Улсад Нисэх хүчин үүсч байгуулагдсаны 95 жилийн ойн бэлгэдэл байх тул Монгол Улсын нисэх хүчин, иргэний нисэх, агаарын тээврийн 1925 оноос 2020 оныг хүртэлх хөгжлийг илэрхийлсэн, тухайн цаг хугацаанд нисэх хүчин, иргэний нисэх, агаарын тээвэрт гарсан түүхэн үйл явдал, өөрчлөлтүүдийг тусгасан ерөнхий агуулгатай байх ёстой. Мөн агуулга, утга төгс, байгууллагын түүхийг орчин үеийн хэлбэр дизайнаар илэрхийлсэн, олон нийтэд ойлгомжтой, утга агуулга нь танигдахуйц байх, логог том жижиг олон хэлбэрээр ашиглах учир хэт нарийн зураас болон хэт жижиг дүрс ашиглахгүй байх, өнгөний хослолыг маш сайн гаргасан байх, зөвхөн компьютерт тусгай програм ашиглаж зурсан байх шаардлагатай юм.
Логог агуулга концепци, утга билэгдэл, өнгөний код, самбар, сэтгүүл, нэрийн хуудас, хувцас, эд хэрэглэлд хэрхэн ашиглах, брэндинг хэрхэн хийх талаар дэлгэрэнгүй танилцуулсан 5-аас доошгүй хуудас брэндбүүктэй байна. Загвар нь видео, ном товхимол, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны зурагт хуудас болон бусад материалууд, хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэвлэгдэх боломжтой байх шаардлагатай.
Лого нь өндөр нягтралтай (300 pixels/inch-с дээш) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдах шаардлагатай. Adobe Photoshop, Corel Draw, Adobe Illustrator зэрэг мэргэжлийн, зориулалтын программ дээр эхийг бэлтгэж, бүтээлийн эх файлыг JPEG, PNG өргөлттэй зургаар хүлээлгэн өгөхөөс гадна /.psd/, /.ai/, /cdr/ өргөлттэй задгай файлаар гэсэн хоёр төрлөөр бэлтгэн бэлэн болгосон байна.
Уралдаанд оролцогчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох ба бусдын бүтээлээс хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бол хүлээн авахгүй. Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрт утга билэгдэл, зураглалын тайлбар, өнгөний код бүхий танилцуулгыг хавсаргаж, бүтээл тус бүрт өөрийн нэр, холбоо барих утас, хаягыг тодорхой мэдээлсэн танилцуулга хуудас, анкетыг хавсаргаж ирүүлэх юм.
Уралдаанд шалгарсан бүтээл нь 2020 оны турш ойг тэмдэглэн өнгөрүүлэх бүхий л арга хэмжээний баннер, сурталчилгаанд ашиглагдахаас гадна тухайн жилдээ албан байгууллагын захидлын толгой, ажилтан албан хаагчдын нэрийн хуудас, ойг угтан гаргах бэлэг дурсгалын зүйлс дээр төрөл бүрийн өнгө, хэмжээтэйгээр хэвлэгдэн хэрэглэгдэнэ.
Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2019 оны 11 дүгээр сарын 15 өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 04 өдрийн 12 цаг 00 минут хүртэл 95th_anniversary@mcaa.gov.mn цахим хаягаар хүлээн авч, ялагчийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ИНЕГ-ын вэб хуудсаар зарлан 200 мянган төгрөгөөр урамшуулна.