Булган аймгийн Булган нисэх буудлыг түшиглэн зохион байгуулсан Нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны дотоодын сургуулилт энэ сарын 21-23-ны өдрүүдэд батлагдсан төлөвлөгөөний дагуу амжилттай болж өндөрлөлөө.
ИНЕГ-ын даргын тушаалаар нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд голлон оролцогч байгууллагууд болох ИНЕГ, ЗХЖШ, ОБЕГ-ын эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны бэлэн байдлыг шалгаж, батлагдсан зохиомж, төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу хамтарсан сургуулилтыг амжилттай хийж гүйцэтгэлээ.
Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас хил залгаа улс орнууд иргэний агаарын хөлгийн осол, сүйрлийн үед хамтран ажиллах бэлэн байдлыг хангах чиглэлээр тавьдаг шаардлагын дагуу манай улс ОХУ-ын эрэн хайх, авран туслах албадтай хамтран таван удаагийн дасгал сургуулилтыг хоёр жил тутамд өөр өөрсдийн нутаг дэвсгэр дээр ээлжлэн зохион байгуулаад байгаа. Ирэх онд манай улсад зургаа дахь удаагийн сургуулилт/JOINT SAREX-2020/ болох учир ИНЕГ-ын даргын тушаалаар тус сургуулилтын өмнө дотоодын байгууллагуудын бэлэн байдлыг хангуулах, бэлтгэл ажлыг шалгах үүднээс дотооддоо анхны сургуулилтыг хийсэн юм.
Нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд оролцогч байгууллагууд хамтран зохион байгуулсан энэхүү сургуулилтад ИНЕГ болон түүний харьяа байгууллагууд, ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, ЗХЖШ-ын Агаарын цэргийн ангийн төлөөлөл 60 орчим бие бүрэлдэхүүн, Улсын нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны зориулалт бүхий Ми-171Е нисдэг тэрэг болон бусад техник хэрэгслийн хамт оролцлоо.
Сургуулилтыг Монгол улсын ачаалал ихтэй агаарын зам дагуу байрлалтай Булган нисэх буудлыг түшиглэн зохион байгуулсан бөгөөд тус аймгийн Засаг даргын Тамгын газар болон орон нутгийн цагдаа, тагнуул, эмнэлэг, онцгой байдлын төлөөлөл өөр өөрсдийн үүрэг чиглэлээр оролцож, нисэхийн эрэн хайх, авран туслах онцгой байдал үүссэн үед хэрхэн ажиллах талаар туршлага хуримтлууллаа.
“ИНЕГ-ын даргын тушаалаар зохион байгуулсан анхны дотоодын сургуулилт батлагдсан төлөвлөгөөнийхөө дагуу холбогдох байгууллагуудын төлөөллийг бүрэн хамруулан үр өгөөжтэй, амжилттай болж өндөрлөлөө. Хамгийн гол нь ой мод, уул даваа ихтэй нутгийг сонгон, цасан бүрхүүл тогтож, цаг хүндэрсэн үед хийж, эрэн хайх, авран туслах чиглэлийн байгууллагуудын хүн, хүчний бэлэн байдлыг шалгасан нь оролцогч талуудад томоохон туршлага боллоо” хэмээн ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом дотоодын сургуулилтыг хааж хэлсэн үгэндээ онцлоод тус сургуулилтад хамтарч оролцсон бүх байгууллага, удирдлага, хамт олонд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүслээ.