Нислэгийн журам боловсруулалтын алба нь ЗТБХБ-ын сайдын 2010 оны 05-р сарын 07-ны өдрийн 156 тоот тушаалын дагуу ИНЕГ-ын даргын 2010 оны 05-р сарын 10-ны өдрийн а/161 тоот тушаалаар ИНЕГ-ын Шалгалтын нислэг, зураглалын алба нэртэйгээр байгуулагдсанаар Монгол Улсын иргэний нисэхийн салбарын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдсэн юм.
Шалгалтын нислэг, зураглалын алба нь:
- ШАЛГАЛТЫН НИСЛЭГ
- НИСЛЭГИЙН ЖУРАМ зохиох гэсэн 2 үндсэн үйл ажиллагааг явуулж байна.
ШАЛГАЛТЫН НИСЛЭГ
БНМАУ-ын ардын цэргийн хэрэг эрхлэх яамны харьяа агаарын харилцааны газрын даргын 1968 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 61 тоот тушаалаар нисэх төв буудалд тавигдсан холбоо, навигаци, гэрэл суултын системийг шалгалтын нислэгээр шалгах комисс болон шалгалтын нислэгийг гүйцэтгүүлэхээр хурандаа Н.Раднаа даргатай экипажийг томилж байжээ. Гэвч 1999 он хүртэл ЗХУ-аас 10 гаруй мэргэжилтэн, тусгай тоноглол бүхий онгоц, нисэх бүрэлдэхүүн шалгалтын нислэгийг хийдэг байв.
1999 онд Шинэ Зеланд улсын “РАДИОЛА” компанид АНУ-д үйлдвэрлэгдсэн АТ-920 зөөврийн шалгалтын нислэгийн төхөөрөмжид зориулагдсан сургалтад Д.Энхтайван (ИНЕГ-ын мэргэжилтэн), Р.Бүрэнтэгш (МИАТ компанийн штурман), Г.Энэбиш (Техник хангалтын албаны навигацийн ахлах инженер) нарын 3 хүн хамрагдсанаар шалгалтын нислэгийг бие даан хийх үндэс суурь тавигдсан билээ. Ийнхүү ИНЕГ-ын даргын тушаалаар томилогдсон шалгалтын нислэгийн анхны багийн ажилтнууд анхны бие даасан шалгалтын нислэгийг 2000 онд МИАТ компанийн АН-26 агаарын хөлгөөр Буянт-Ухаа дахь олон улсын нисэх буудлын хэрэглэлээр буулт үйлдэх систем СП-80м, бүх чиглэлтэй хэт өндөр давтамжийн радио дохиологч CVOR S-4000, зай хэмжих төхөөрөмж FSD-45, ил харааны ойртолтын налуу заагч систем PAPI системүүдэд хийсэн байдаг.
НИСЛЭГИЙН ЖУРАМ ЗОХИОХ
“Агаарт нисэх явдлын онол ухаан ба дадал мэргэжилд гүйцэд боловсорсон тул нисэн хянагч (штурман) хэмээх нэр хэрэглүүлсүгэй” хэмээсэн бнмау-ын бүх цэргийн зөвлөлийн 1932 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 тоот тушаалаар комиссар Д.Ламзав, П.Цэдэв, Б.Чоймбол нар анхны монгол штурман (нисэн хянагч) болсон байдаг юм. анхны нисэн-хянагч болох олон арван хүмүүсийн суурийг тавьсан хэрэглэлийн нислэгийн журам (хнж) боловсруулах үйлсэд анхдагч болсон Д.Ламзав, П.Цэдэв, Б.Чоймбол, Д.Банзрагч, М.Ядмаа, Х.Дашням, Б.Дорж, Д.Мижиддорж, анхны инженер нисэн-хянагч Ч.Нямдаваа, Ж.Баярсайхан, Х.Александр нар бол бидний үлгэр дууриал болсон хүмүүс билээ.
Түүнээс хойш үе, үеийн штурмануудын хийж ирсэн үүрэг, функцийг нислэгийн журам зохиогч инженерүүд хийж гүйцэтгэх болсон байна. 2000, 2001 онуудад АНУ, Сингапур улсуудад Л.Энх-амгалан, Л.Баярсайхан, Д.Машбат нар олон улсын иргэний нисэхийн байгууллага ИКАО-ын PAN-OPS шаардлагыг хангасан нислэгийн журам зохиох сургалтад хамрагдсанаар нислэгийн журам зохиох үйл ажиллагааг олон улсын стандарт, зөвлөмжийн дагуу хийх үндэс суурь тавигдсан билээ.
2000 оноос эхлэн орон нутгийн нисэх буудлуудад нислэг үйлдэх зааврыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд тухан үеийн хэрэглэлийн нислэгийн болон GPS буултын оролт, GPS-ын орон нутгийн агаарын замуудыг ИКАО-ын стандартад нийцүүлэх, сайжруулах ажлууд хийгдэж эхэлсэн байдаг.
2007-2008 онд нислэгийн журам зохиогч инженер Б.Болор-эрдэнэ анх Өмнөговь аймгийн Гурвансайхан, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Дорнод аймгийн Чойбалсан, Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлуудад хэрэглэлээр оролт үйлдэх нислэгийн журмуудыг олон улсын иргэний нисэхийн байгууллага ИКАО-ын баримт бичгийн шаардлагын дагуу хийсэн байдаг.
Эдүгээ манай албаны шалгалтын нислэгийн шалгагч инженерүүд нь төв орон нутгийн нийт нисэх буудлын 70 гаруй тоног төхөөрөмжийг шалгалтын нислэгээр шалгаж байна. манай нислэгийн журам зохиогч инженерүүдийн зохиосон 48 нислэгийн хүчинтэй журам нислэгийн мэдээллийн эмхэтгэлд орсон ба нислэгт ашиглагдаж байна.
НИСЛЭГИЙН ЖУРАМ БОЛОВСРУУЛАЛТЫН АЛБА