Монгол Улсын тэргүүлэх эрдэмтэд, академич Ш.Болд, П.Нямдаваа шинэ төрлийн коронавирус /Covid-19/ талаар урьдчилан сэргийлэх, эмчлэх зөвлөж гаргажээ. Энэхүү зөвлөмжийг хүргэж байна.
ДЭМБ-аас COVID-19 хэмээн нэрийдээд байгаа “шинэ коронавирүст уушгины хижиг” өвчин өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас БНХАУ-ын Ухань хотоос эхлэн тархаж, одоо БНХАУ даяар 75000 гаруй хүнийг өвчлүүлээд, одоогоор дэлхийн 28 улс оронд зөөвөрлөгдөн тархаж, Монгол Улс халдвар тархах хамгийн өндөр эрсдэлтэй орны нэгэнд тооцогдох болоод байгаа нь манай улсын төр, засаг, ард иргэдийн санаа зовоосон асуудал болоод байна. Бид санаа бодлоо нэгтгэн хамтран тэмцэж байж л энэ шинэ тахалт өвчний ард нь гарна. Энэ бэсрэгхэн бодомжийг тэрлэгч бидэн хоёр уг нь хоёул анагаахын сургууль төгссөн хүний эмч нар боловч нэг нь уламжлалт анагаахаар, нөгөө нь анагаахын вирүс судлалаар мэргэшсэн тул Энэтхэг, Хятад мэт дорнын орнуудад уламжлалт хийгээд орчин үеийн анагаахын мэдлэг, чадварыг энэ шинэ өвчинтэй тэмцэхэд хүч хавсруулан хэрэглэж байгаа жишээг бэлхнээ хараад, бид бас яагаад ингэж болохгүй билээ хэмээн сэтгэж, энэхүү нийтлэлийг хамтран толилуулж байгаа юм. Болгоон соёрхоно уу.
Бид “шинэ” коронавирүс гэж ярьж, бичиж байгаа маань одоогийн мэдлэгийнхээ хүрээнд л тооцоолж нэрлэн буй хэрэг гэдгээ умартаж боломгүй. Хүний вирүсийг судлаж эхлээд хүн төрөлхтөн дөнгөж 100 орчим жил л болж байгаа шүү дээ. Тиймээс урьд өмнө ийм вирүс байсан эсэхийг ор тас үгүйсгэх аргагүй. БНХАУ, АНУ-ын хэсэг эрдэмтэд Умард Төвөдийн орноо байх Хималайн уулын “Гулия” хэмээх мөсөн голын дулаарлаас үүдсэн өөрчлөлтийг судлах явцдаа 15000 жилийн настай нь тогтоогдсон мөсний гүнээс одоо бидний мэддэг, мэддэггүй 30 гаруй овгийн вирүс илрүүлснээ bioRxiv хэмээх нэр хүндтэй сэтгүүлд саявтархан нийтлүүлсэн нь үүний гэрч болох буй заа. Тийм ч учраас монголчуудын түүхийн туршдаа бичиглэж үлдээсэн өвчингүй эрүүл амьдрах талаарх олон арван сургаал, номлол, ёс заншил, аман хууль, эмийн жор, хорио цээрийн баялаг сан бидэнд “шинэ” халдварт өвчинтэй тэмцэх арга замаа хайх үүц болох нигууртай байх ёстой гэж бид бодож байгаа юм.
Халдварт өвчний талаар олон зуун жилийн өмнөөс уламжлалт анагаах ухааны судар бичигт эш үзүүлж таниулжээ. “Анагаах ухааны дөрвөн үндэс” судрын “Увдисын үндэс” дэх хижиг өвчнийг анагаах бүлэгт: Дөрвөн улирлын уур амьсгал илүүдсэн, дутуудсан, буруудсан, хатуу хүчилсэн халдварт өвчний үнэр туссан, их уурласан, санаа сэтгэл зовсон, идээ, ундааг тэнцүүлээгүй, биедээ зохисгүй зүйлийг эдэлсний эрхээр бие махбод нь хямарч хижиг (халдварт) өвчин болно. Өвчний гол шалтгаан нь идээ ундаа, явдал мөр, цаг агаар, гэнэтийн нөхцлөөр шарын халууныг хэтэрхий бадруулж дараа нь бадган, шар хийд бууж, орох зургаан үүдээр дэс дараалан ордог буюу үнэр туссанаар (агаар дусал, ахуйн замаар) өвчлөх тул халдварт хижиг гэж нэрлэдэг. Ангилал нь унгарал өвчин, гүвдрүү, гэдэсний хатгалга хийгээд сахуу, боом, дагшуур (ханиад) нийлээд таван зүйл болно хэмээсэн байдаг.
БОХИРДСОН АГААРЫГ ЦЭВЭРЛЭЖ АРИУТГАХУЙ
Хүний амьсгал авах, гаргахад нян, вирүсээр бохирдсон агаарыг шүүж цэвэрлэхэд орчин үед хэрэглэж буй амын хаалт (маск), агаар цэвэршүүлэгч тун сайн арга мөн. Юань улсын монгол хаадын зоогийг зөөдөг үйлчлэгч бүсгүйчүүд идээ, ундаанд амны уур орж ариун бус болохоос сэргийлэн зоогоо толгой дээрээ барих буюу “амавч” зүүж байсан нь монголчууд энэ аргыг нэн эртнээс хэрэглэж ирсний баталгаа болно.
Гэвч уламжлалаа харвал монголчууд агаарт буй нян, вирүсийг галын хүч, арц, хүж, гүгэл мэт ариун үнэртнээр устгаж, ариутгахыг давуутай хэрэглэж байсан бололтой.
Ромын пап ламын зараалаар Их Монгол улсад ирж тандалт хийж байсан Плано Карпини, Гильом де Рубрик нар монголчуудын ариутгах зан дадлын талаар “Монгол хүний ариутгах сэргийлэх талыг дөхөмчлөн хэлвэл юм бүхнийг галаар ариутгадаг гэж тэд нар итгэдэг байна. Гадаадаас алба татварт хүргэгдэн ирсэн юмсыг, мөн хол газраас ирсэн хүн ба бэлэг, сэлтийг хоёр галын дундуур явуулан галаар ариутгал хийж, ямар нэгэн хор хөнөөл авч ирэх, аюул гамшиг болохоос сэрэмжилдэг байна” гэж бичиж байжээ. Түүнчлэн хижиг буюу халдварт өвчнөөр өнгөрсөн хүмүүсийн эд, агуурсыг галын дөлөөр ариутгадаг буюу галд шатаадаг байсан байна.
Галын буюу арц, хүжний утлагаар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой байдаг нь нян, вирүсийн гадар бүрхүүл эфирийн тос, дулааны хавсарсан үйлчлэлээр амархан эвдэрч гэмтдэг гэдэг нь сорил туршилтын судалгаануудаар батлагдсан гэж үзэж болно.
Есөн найрлагат (Алтан өнгөт арүр, бона, үхрийн цөсний чулуу, гүгэл, заар, шудаг, өмхий давирхай, хүхэр, бэх) “Есөн харын үрэл” буюу Римсүрэнг зүүх нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, цаашид өвчинг хүндрүүлэхгүй байхад чухал ач холбогдолтой
Монголын нэрт эмч, эрдэмтэн Жамбалчойжиданзанпэрэнлэй (1789-1838 он) “Увдисын далай” судартаа “Есөн харын эмийг түрхэх буюу зүүснээр лусын хорыг хоцроолгүй арилгаж, нян хижиг бүгдийг дарж, хар, цагаан, алаг гурван зүйлийн боом, гэдэсний халдварт өвчин, цээжний хатгалга, ад болон хижиг өвчин бүхнээс хамгаална, энэ эмийн чадал цаглашгүй билээ” гэж бичжээ.
Есөн харын найрлагыг зүүхээс гадна хүүхдийн хүзүүнд өнчин сармис зүүх аргыг уламжлалт мэдлэгт олонтоо дурдсан байдаг. Өнчин сармис гэж олон хумсгүй, ганц бүхлээрээ байдаг сармисыг хэлдэг.
Уламжлалт анагаах ухааны эмээс Гүргэм-13, Норов-7, Цагаан тан зэргийг буцалгаж уураар нь гэр орноо ариутгах, арц, хүж шатааж утааг нь үнэрлэх, буцалсан усны халуун уураар ам, хамраа утах мөн хуурсан будааны уураар хамраа утвал нэн тустай.
АРИУН ЦЭВРИЙГ ЭРХЭМЛЭХҮЙ
Хүн амын тархай бутархай байршил нь халдвар тархах боломжийг багасгадаг. Халдварт өвчин гарсан тохиолдолд түүнийг янз бүрийн тэмдгээр дохиолон мэдээлж, тархах боломжийг нь хорьж, түүнийгээ “хөл хорих” гэдэг. Хөл хориотой айлд гаднаас хүн орохгүй, салхин дээгүүр нь холуур явдаг ёстой. Удаж бохирдсон ус, цайг улайссан төмрөөр цоргиж ариутгадаг. Сааль сүүний савыг идээ бузартана гээд айлд өгөхөөс илт дургүйцэнэ. Монгол эзэгтэй унтахдаа бөгж, бугуйвчаа авч тавьдаг атлаа идээнд бузар орохгүй хэмээн алт, мөнгөн бөгж, бугуйвчаа зүүгээд сааль сүүндээ гардаг уламжлалтай байв. Монгол хүн хувцасны бузар болно гэж бусадтай хувцас сольж өмсдөггүй, дээл хувцсаа салхинд гаргаж угаарыг нь гөвдөг, шөнө сэрүүнд дулаан хучиж унтдаг зэрэг бол эрүүл ахуйн чухал үйлдлүүд юм.
Юань улсын албан хаагч, түшмэл нар биедээ нэгэн бяцхан сав авч яван шүлс, цэрээ нулимдаг байв. Энэ савыг “Шүлсний сав” гэдэг. Энэ нь тухайн үедээ амьсгалын дээд замын халдварууд болон сүрьеэ өвчнөөс сэргийлэх аргуудын нэг байсан бололтой.
Амьдралын эрүүл дадал, зуршлыг хүмүүст олгож төлөвшүүлэх замаар халдварт өвчнөөс сэргийлэх талаар өнөөгийн бид ч хэвшил болгомоор заншлыг бий болгожээ. Хүн болгон өөрийн аягатай байх нь монголчуудын эрхэм ёс байлаа. Айлд ороод эр хүн гэрийн баруун талд насны эрэмбээр суухад айлын эзэгтэй “Та аягаа” гэж гараа тосоход аяганы уутнаас аягаа гарган өгдөг байна. Эхний үед модон яваандаа зэс, мөнгө, алтан аяга хэрэглэж эхэлжээ. Хүн бүр аягатай байх нь халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх нэгэн нөхцөл болдог. Монголчууд хөлсний алчууртай түүнийгээ бусдад үл дамжуулдгийг “Арай чинээлэг тохитойхон шиг нэг нь жижигхэг цэмбэний өөдөс дандаа өвөртөлж явах бөгөөд мах идчихээд гарынхаа тосыг түүндээ арчина” гэсэн түүхэн тэмдэглэлүүд бий.
Түмэн засагт хааны “Их цааз”-д үндэслэн Түмэдийн Алтан хаан (1507-1582) тусгай цааз зохиожээ. Энэхүү цаазын ерөнхий агуулгаас хуулийг чандлан сахиж хэрэгжүүлдэг, хууль цааз нь дээдсээс аваад дорд ардыг хүртэл хэнийг ч ялгалгүй тэгш хэрэгждэг байсан нь тодорхой харагддаг. Нөгөө талаар хүний эрүүл мэнд, эд эрхтэн, амь настай холбоотой заалтыг түлхүү оруулж шийтгэлийг чангатгасны зэрэгцээ өнөө ч харангын аюул дэлддэг халдвар, халдварт өвчнөөс сэргийлэх заалтыг нэн тодорхой тусгасан нь тун ч сайшаалтай хэмээн үзэхээр байна. Оршуулгын газраас шууд гэртээ орвоос хүний тоогоор мориор торго. Халдварт өвчнөөр өвдсөн хүний гэрт очиж өвчин халдааж хүн үхүүлвээс тогтоосон журмаар жанчин есөн есөөр торго. Халдаагүй болвоос эмээл хазаартай мориор торго гэж заажээ.
Мөнгөн буюу зэс аяга өдөр тутмын хэрэглээндээ ашигладаг, цай хадгалахад гуулин (зэс, цайрын хайлш) домбо хэрэглэдэг уламжлалт зан үйл нян, вирүстэй тэмцэх чухал арга байсныг одоо АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад эмэнд тэсвэржсэн нянтай тэмцэх арга болгон хэрэглэх болсон байна. Эмэнд тэсвэржсэн нян тархах нэг гол эс үүсвэр болсон Сэхээн амьдруулах тасгийн хаалганы бариул, чийдэнгийн унтраалга, орны хашлага, жорлонгийн суултуур зэргийг зэсийн зэвэрдэггүй тусгай хайлшаар хийснээр эмэнд тэсвэржсэн нян эмнэлгийн дотоод халдвар хэлбэрээр тархаах, уг халдвараас улбаатай эндэгдлийг буруулсан тухай эрдэм судлалын бүтээлүүд хэвлэгдэж, нийтийн хүртээл болсон байна.
БИЕИЙН ШИМ, ЧАЛХЫГ ДОДОМДОХУЙ
Байгалийн болон арга, билгийн хуулийг эрхэмлэн мөрдөх аваас энэ бие нь эрүүл саруул, амь бөх, чалх сайтай оршино. Эс бөгөөс 5 цул, 6 сав, хий, цусны хөдөлгөөн, сав шимийн арга, билгийн хууль зөрчигдөн, үл зохицон самуурч өвчин эс салж ужиграх аваас үхэх болой хэмээн анагаахын эртний сударт онцлон тэмдэглэжээ. Үүнийг ухаарсан мэргэд өвчин ирэхийг эс хүлээх, харин урьдчилан сэргийлэх, ирвээс ужиграхыг эс хүлээх, харин эмчлэх, ужгирсан хойно эм хүртэх нь дайн эхэлсэн хойно зэвсэг бэлдэх ялгаа юун, оройтох бус уу хэмээжээ. Тиймээс аливаа нэгэн өвчин тахал гарсан тохиолдолд түүнээс сэргийлэх аргыг зүйл бүрээр сүвэгчлэн нээж, хэрэглэж даджээ.
“Хуанди Нэйжин судар” болон Юань улсын Монгол хаадын зоогийг хариуцдаг эмч, түшмэл Хүсэхүй “Идээ ундааны жинхэнэ товч” номонд өгүүлэхдээ “Эрт цагийн хүмүүс саруул ухаантай, шалмаг хөдөлгөөнтэй хэвээрээ зуу илүү насалдаг байсан атал одоо бидний үеийн хүмүүс 50 насыг даваад цуцах нь хурдан болж хөгшрөх нь эрт болжээ. Цагийн аясаар ингэв үү? Эсвэл эрүүл амьдрах эрдэм ухааныг эс шүтсэнээс үү? Эрт үеийн хүмүүс эрүүл явах эрдэм ухааныг шүтэж, идээ ундааг эрхэмлэн тохируулж, өдрийн явдлыг өөрт тааруулсаар энэ бие нь эрүүл саруул, ухаан санаа нь төгөлдөр хэвээр байсаар тэнгэрийн тааллаар зуу илүү насалж байжээ. Харин эдүгээгийн хүмүүс дээрх бүгдийг умартан архийг хэтрүүлэн наргиж, цэнгэлийг хөлчүүрхэн самуурч, зохистой бус, цаггүй амьдран биеийн билгийг хоосруулж тэнгэрээс таалсан тэр хүчийг хороож байна. Тэд хэт хөөрч, их догдолж, дөрвөн улирлын эрхэнд үл автан энэ амьдралыг дэггүй болгосоор 50 наснаас эхлэн тамир хүч нь доройтон хөгширч байна. Эрт үеийн мэргэд дөрвөн улирлын эрхэнд зохицон, амар тайван амьдралыг эрхэмлэн, сэтгэл санаа тайван амгалан, тэгш дүүрэн байх аваас өвчин хаанаас ирэх билээ хэмээн эрхэмлэн сургадаг байв. Ийм ахул энэ цагийн хүмүүс хэрвээ мэргэдийн ухааныг эрхэмлэн дагавал сэтгэл тайван айдасгүй, ажил хийсэн ч алжаалгүй өөрийн эрхээр амьдран суух болно. Тэд идээ ундаагаа өөлдөггүй, өмссөн зүүснээ гоочилдоггүй, бусдад үл атаархан, өөрт буйдаа санаа дүүрэн, энэ цагтаа сэтгэл хангалуун аж төрж, бусдын эрхэнд үл автан өөрийн ухаанаар амьдарч, цэцэн ч бай, мунхаг ч бай эрүүл амьдрах арга ухааныг шүтсэний учир зуу насалсан ч хөгшрөлийг эс үздэг ажээ” хэмээн сургажээ. Тиймээс биеэ сайтар гамнан арчлахдаа урьдаар өлсөж байгаад сая идэх бөгөөд хэтэрхий цадтал идэхгүй, урьдаар ундаасаж байгаад сая уух бөгөөд хэтэртэл уухгүй, идэж уухдаа хэмжээг сайтар тохируулж, өлмүүхэн цадах нь биеийн чалхыг тогтвортой байлгахад шууд нөлөөнө. Чухамдаа цатгалангаас өлсгөлөн, өлсгөлөнгөөс цатгалан болох нь зөв хэдий ч хэт цадсаны даруйд хэвтэж үл болмуй. Эс тийм бөгөөс өвчин бүхнийг үүсгэх болно.
“COVID-19” БУЮУ “ШИНЭ КОРОНАВИРҮС”-ЭЭС СЭРГИЙЛЭХЭД ХЭРЭГЛЭЖ БОЛОХ УЛАМЖЛАЛТ АРГА
Ханиад халдварласан байж болохуйц сав суулгыг холих, олон нийтийн газар зорчихоос урьдчилан сэргийлэх, цаг үргэлж өөрсдийн орон гэрийн гадна, дотно орчны хогийг цэвэрлэж эрүүл ахуйн шаардлагад нийцүүлж, нус, шүлс, баас, шээсээ байшин, хашааны булан тохойд болон ил задгай хаяхгүй байх хэрэгтэй.
Өөрт ханиад өвчин тусваас амандаа хаалт хийж бусдад халдааж түгээхгүйг эрхэмлэх хэрэгтэй. Ханиад өвчнийг хүндрүүлэхгүйн тулд бие махбодыг халуун хүйтэнд харшуулахгүй байж машид халуун газар ам цангахаас бусад тохиолдолд хүйтэн болон мөстэй ус хэрэглэж үл болно.
Хоолонд улаан, шар халуун ногооны төрөл, архи дарс, хуучирсан тараг, шорвог хоол, боов талханд хуучирсан тос түрхэж идэх, хайрч хуурсан төрлийн хоол, хэт чихэрлэг, хэт гашуун идээ, ундааны төрлийг цээрлэх нь уг өвчнийг хүндрүүлэхгүй байхад тус болно.
Ялангуяа хуучирч муудсан идээ, ундаа нь ханиадыг ихээр хүндрүүлдэг байна.
Ханиад хүрсэнээс хойш 21 хоног хүртэл бие, хэл, сэтгэлийн ширүүн явдлыг хичээн тэвчих хэрэгтэй.
Буцалсан усыг ихээр ууж, бие, хэл, сэтгэлийг машид тайван байлгах ба өглөө 5.00-6.00 цагийн хооронд хоол идээгүй өлөн үедээ 20-35 минут амьсгалын дасгал, бясалгалыг хийвэл өвчнөөс урьдчилан сэргийлэх мөн өвчнийг цаашид даамжруулахгүй байх ихээхэн ач холбогдолтой.
Өглөө, өдөр, оройн хоолыг тогтсон цагт идэж шөнөдөө 7-8 цаг унтаж амрах шаардлагатай.
Дээрх урьдчилан сэргийлэх аргуудыг хичээнгүйлэн мөрдөхөөс гадна агаар нь бохирдсон орчинд аль болох явахгүй байхыг хичээх хэрэгтэй.
Өөрийн ханиад өвчнийг бусдад халдаахгүйн тулд гэр бүлийн гишүүдээс хэрэглээний зүйлс болон хоол, унд, аяга, халбага гэх мэтээ тусгаарлаж үлдэгдэл хоол, ундаа бусдад өгөхгүй байх нь чухал.
Ус их хэрэглэвээс өвчнийг шинэ үест нь илааршуулах бололцоо байдаг. Европ эм хэрэглэхийн өмнө Цагаан тан, Норов-7 танг уух, эдгээр танг сүүтэй, цайнд хийж хандалж уух, дээр нэгэнт дурьдсан “9 харын үрэл” буюу Римсүрэнг буюу өнчин сармис зүүвэл өвчнөөс урьдчилан сэргийлэх, цаашид өвчинг хүндрүүлэхгүй байхад чухал ач холбогдолтой.
Уламжлалт анагаах ухааны ёсоор бол халдварт ханиадын ерөнхий эмчилгээнд: эхний үед халууныг буулгаж засах нь маш чухал байдаг. Үүнд: Цагаан тан, Норов-7, Лидэр-7 (Лидэр, мана, арүр, барүр, жүрүр, дэгд, хонлэн) тан зэргийг хэрэглэдэг. Одоо үед эдгээрийг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн бэлтгэж хэрэглэх буюу уламжлалт эмийн сангуудаас авч хэрэглэж болно. Бүлээн халуун усыг ихээр уух, аарц буцалгаж уух, шинэ мах хэрэглэх, хайрч шарсан хоол болон тос ихтэй шөл, будааны шөл зэргийг идэхийг тэвчиж, халуун дулаан тэнцүү орчинд шингэхэд хялбар хоол ундыг ихэвчлэн хэрэглэх нь зүйтэй юм.
Түүнчлэн Эрхэм-8 (Гиван, цагаан зандан, жуган, гүргэм, дэгд, башига, хонлэн, цагаан бона), Лоцадгүнсэл-уушгины халуун бүгдийг арилгагч /Уушги-18/ (Жуган, мэхээр, гүргэм, гиван, цагаан зандан, улаан зандангаар гол болгоно), Баатар-7 (Бона-гийн соёо, ар үр, ортууз, марина, гүгэл, шунх, заар), Чун он-9 /Хөх гарьд-9/ (Бона, хонлэн, сороол, гүгэл, мэхээр, ортууз, ар үр, мана, хонголзуур), Жуган-25 (Жуган, чихэр өвс, цагаан үзэм, цагаан сороол, мэхээр, руда, чацаргана, гүргэм, зүрхэн цэцэг, цагаан сира, гиван, цагаан зандан, улаан зандан гэх мэт 25 найрлагатай), Брүнаг-29 /Балчиргана-29/ (Хар балчиргана, номхотгосон бона, лидэр, бона-гийн соёо, нимба, жуган, өвсөн дэва, өргөст хөх гэх 29 найрлагатай)-ийг өвчний явцад нь тохируулан ууна.
Сүүлийг нь таслах буюу эмчилгээний адагт хий босохоос сэргийлж Агар-35 (Хар агар, улаан агар, цагаан агар, цагаан гүгэл, зүрхэн шош, номхотгосон хүнцэл, анар, улаан зандан, цагаан зандан, жуган, цагаан сороол гэх мэт 35 найрлагатай), Ран агар-8 (Хар агар, зүрхэн шош, жуган, цагаан сороол, гүргэм гэх мэт 8 найрлагатай)-ын найрлагыг өвчний байдалд тохируулан өгнө.
Эх сурвалж: news.mn