ИНЕГ-ын Дэд дарга Б.Алтанцом өнөөдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд ажиллаж, Онцгой байдлын үед ажиллах Штабын бэлэн байдал болон Улсын онцгой комиссын даргын тушаалаар баталсан “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж”-ийн хэрэгжилтийг шалгалаа.
ИНЕГ-ын Дэд дарга Улсын онцгой комиссын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр баталсан удирдамжийн 17 заалт тус бүрээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бэлэн байдлын талаар болон ЗГХЭГ-аас ирүүлсэн Бэлэн байдлыг хангах тухай албан бичиг, Зам, тээврийн хөгжлийн сайдын 02 дугаар сарын 14-ний өдрийн “Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай” тушаалын хэрэгжилтийн талаар холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Тэрбээр, Онцгой байдалд ажиллах журамд заасны дагуу онцгой байдлын үед бэлэн байх албан тушаалтан бүр холбоо барих утсаа унтраахгүй, хөдөө орон нутагт явахгүй, бэлэн байдалд ажиллана гэдгийг онцгойлон анхаарууллаа. Мөн ИНЕГ-ын харьяа алба, салбарууд сар шинийн өдрүүдэд жижиг, том гэлтгүй ямар нэгэн ёслолын үйл ажиллагаа зохион байгуулж болохгүй гэдгийг хатуу анхааруулсан юм.