2023 оны 06 дугаар сарын 22
“Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хот дэх Эйрсайт сургалтын төв (Airsight)”-өөс Берлин хот дахь NH Collection Hotel Berlin Mitte–д зохион байгуулсан “AERODROME WILDLIFE HAZARD MANAGEMENT” сэдэвт сургалтад 2023 оны 06 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд хамрагдлаа.
Энэхүү сургалт нь Oлон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) болон Европын холбооны нисэхийн аюулгүй ажиллагааны агентлаг (EASA)-оос аэродромын бүсэд зэрлэг ан амьтан, шувуутай мөргөлдөх эрсдэлийг бууруулах менежмент, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны (SMS)-ийн хүрээнд авах ёстой арга хэмжээг судлах, шувуутай мөргөлдөх эрсдэлийг бууруулах сүүлийн үеийн технологи, тоног төхөөрөмж, арга техникийг эзэмшүүлэх зорилготой байсан.
Сургалт дараах сэдэвүүдийн хүрээнд явагдсан. Үүнд:
- Баримт бичгийн шаардлага:
- Шувууны төрөл зүйлс болон таних аргууд:
- Агаарын хөлөг зэрлэг ан, амьтантай мөргөлдсөн тухай тайлан:
- Зэрлэг ан, амьтантай мөргөлдсөн түүх:
- Амьдрах орчны менежмент:
- Зэрлэг ан амьтантай тэмцэх – арга барил, тоног төхөөрөмж:
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа:
- Зэрлэг ан амьтныг хамгаалах:
- Мэдээлэл цуглуулах:
Баримт бичгийн шаардлага сэдвийн хүрээнд Oлон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) болон Европын холбооны нисэхийн аюулгүй ажиллагааны агентлаг (EASA)-оос аэродромын бүсэд зэрлэг ан амьтан, шувуутай мөргөлдөх эрсдэлийг бууруулах менежментийн чиглэлээр ашиглах EU Commission Regulatio 139/2014, EASA’s AMC/GM Aerodromes, ICAO DOC 9137 Airport Service Manual Part-3 Wildlife Control an Reduction, ICAO ANNEX148 VOL-1, ICAO DOC 9981 Procedure for Air Navigation Service PANS Aerodromes 3 Edition, ICAO DOC 9332 Manual on the ICAO Birdstrike information System /IBIS/, UK CAP 772 Wildlife Hazard Management at Aerodromes зэрэг эрх зүйн үндсэн баримт бичигтэй танилцсан.
Шувууны төрөл зүйлс болон таних аргууд сэдвийн хүрээнд аэродром дахь шувууд, ан амьтадыг зөв тодорхойлохын ач холбогдол, европ дахь түгээмэл тархсан шувуудын төрөл, шувуудын талаар ерөнхий ойлголт, зөв танихад анхаарах зүйлсийн талаар судалсан. Тухайлбал зэрлэг нугас, хар толгойт цахлай, цагаан өрөвтас, энгийн цахлай, галуу, хун, болжмор, тагтаа, хар хэрээ, хараацай, шонхор, бүргэд зэрэг олон зүйл шувуудын амьдрах орчин, биеийн жин, далавчаа дэлгэсэн өргөн, хөгшин залуу, эр эм зүйл болон үржлийн үеийн ялгаа, гуужилтын онцлог, улирлаас хамааран өнгөө өөрчлөх байдал зэргийг судалсан.
Агаарын хөлөг зэрлэг ан, амьтантай мөргөлдсөн тухай тайлан сэдвийн хүрээнд DOC 9332–ын дагуу шувуу, зэрлэг амьтны агаарын хөлөгтэй мөргөлдсөн тохиолдлуудыг “IBIC” мэдээллийн системийг ашиглан ICAO-д мэдээлэх зохицуулалт, Шувууны мөргөлттэй тэмцэх олон улсын хорооноос зөвлөсөн шувуутай мөргөлдсөн гэх мэдээллийг батлагдсан, батлагдаагүй, аюултай ойртсон гэж ангилах үйл ажиллагаа, шувуутай мөргөлдсөн тохиолдлыг мэдээлэх маягтад зайлшгүй багтаасан байх агуулга,эрсдлийн үнэлгээ хийх жишиг заавар зэргийг судалсан.
Мөн Америк, ХБНГУ, Энэтхэг, Итали, Этопи, Мальта, Бельги, Голланд, ОХУ зэрэг орнуудад агаарын хөлөг зэрлэг ан, амьтантай мөргөлдсөн томоохон 20 гаруй тохиолдлуудын түүх, бичлэг зэргийг үзүүлж, осол үүссэн байж болох шалтгаан, зэрлэг ан, амьтантай мөргөлдөх аюулыг хянах ач холбогдолыг танилцуулсан болно.
Шувуудын амьдрах таатай орчин бүрдүүлэхгүй байх менежментийг хэрэгжүүлэх нь аэродром дахь зэрлэг амьтны аюулыг бууруулахад чухал нөлөөтэй. Шувуу, зэрлэг амьтны хэрэгцээ маш энгийн зарим талаар хүний хэрэгцээтэй адил хооллох, үүрлэж байрших, амрах таатай орчныг эрэлхийлэх бөгөөд нисэх буудлууд дахь барилга, ангарын байгууламж, тоног төхөөрөмжүүд, нуур цөөрөм, бут сөөг, мод ургамал, ашиглалтаас хасагдсан хуучин онгоц зэрэг нь амьдрах таатай орчныг нь бүрдүүлж байдаг байна. Иймд аэродромын үйлчилгээ эрхлэгч нар энэ бүхний эсрэг аль болох шувуу, зэрлэг амьтан амьдрах таагүй орчныг бүрдүүлэхэд анхаарч, хүрээлэн буй орчныг төлөвлөх шаардлагатай болдог байна. Тухайлбал нисэх буудлын терминал, ангарын байгууламж болон бусад барилгын шувуу үүрлэж болохуйц нүх, задгай хэсгийг битүүмжлэх, хөөрч буух зурвас, явгалах замын орчмын талбайд чулуу, хайрга асгаж тэгшлэх, шувуу буух боломжгүй хуванцар хадаас суурилуулах, тор татах, тогтоол ус үүсэж буй талбайг тэгшлэх, хогийн цэгийг зайлуулах, хогийн савыг байнга тагтай байлгах, илүүдэл тоног төхөөрөмж, ашиглалтаас хасагдсан агаарын хөлгүүдийг холдуудах, сэг зэмийг зайлуулах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай байна.
Мөн сургалтын хөтөлбөрийн хүрээнд шувуу, зэрлэг ан амьтантай тэмцэх дуу авианы тоног төхөөрөмж, галт зэвсгийн хэрэглээ, ашиглалт шаардлагатай тохиолдолд зохих зөвшөөрлийг авч устгах замаар тоо толгойг бууруулах зэрэг арга хэмжээний талаар судалсан.
Шувуу, зэрлэг амьтадын аюулыг бууруулах чиглэлээр олон нисэх буудлуудад хийгдсэн ажлын туршлагыг судлахад дуу авианы төхөөрөмжийг чанга яригч /speaker/-тэй хослуулан ашиглах, мэргэжлийн ур чадвартай шувууны хяналтын ажилтнуудыг 24 цагаар ажиллуулах зэрэг нь үр дүнтэй бөгөөд тэд шувууг байнга ажиглаж бүртгэн, тухайн ажиглагдсан төрөл зүйлийн шувууны талаар бүрэн мэдлэгтэй, гамшигийн болон түгшүүрийн дуу авиаг үйл ажиллагаандаа ашиглах ур чадвартай байх шаардлагатай. Шувууд махчин шувууны заналхийлэлд өртсөн үед тусламж дуудсан харилцан ялгаатай дуу авиа гаргах бөгөөд үүнийг дуу авианы төхөөрөмжөөр гаргахад шувууд шууд нисэх эсхүл тусламж дуудсан чиглэлд ирж хэсэг эргэлдсэний дараа чигээ өөрчлөн нисэх холддог байна.
Шувуудыг үргээх, устгах үед галт зэвсэг ашиглах ажилтан нь заавал холбогдох сургалтад хамрагдсан байх ёстой. Галт зэвсэгийг агаарын хөлгийн ойролцоо, нийтийн эзэмшлийн бүс талбай ашиглахыг хориглох бөгөөд урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй нислэгийн аюулгүй байдалд нөлөөлөх шууд эрсдэлтэй үед шувуудыг устгах арга хэмжээг хууль, дүрэмд нийцүүлэн авах боломжтой талаар зөвлөсөн. Мөн хийн буу, тусгай буудлагын буу, лазер гэрэл, нисгэгчгүй төхөөрөмж дрон ашиглах, мануухай, робот механик шувуу хийж нислэгийн талбайд байрлуулах, шонхор шувуу, сургагдсан нохойг үргээлэгт ашиглах зэрэг олон аргаас хамгийн үр дүнтэй аргыг сонгон шувууны аюулыг бууруулах чиглэлээр ажиллах боломжтой.
Аэродромын үйл ажиллагаа эрхлэгч нь шувуутай тэмцэх үүрэг бүхий ажилтны эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг бүрэн хангах үүрэгтэй бөгөөд хамгаалалтын хувцас, нэг удаагийн бээлий, чихэвч зэргээр хангах үүрэгтэй. Учир нь шувуу, зэрлэг амьтадын үхлийн шалтгаан янз бүр бөгөөд зарим тохиолдолд халдварт өвчнөөр үхсэн байх эрсдэлтэй.
Тухайн сургалтаас олсон мэдлэгийг бататгах зорилгоор өдөр бүр оролцогчдыг багуудад хувааж үзсэн сургалтын сэдвийн хүрээнд өгөгдсөн тохиолдолд хэрхэн ажиллах талаар хэлэлцүүлэг зохиож, илэрсэн зөрчил, дутагдалыг танилцуулж, үүсэх эрсдэлийг хэрхэн бууруулах талаар хэлэлцэн, саналаа солилцож, байсан бөгөөд сургалтанд амжилттай бүрэн хамрагдлаа.
ТАНИЛЦСАН:
АГААРЫН ТЭЭВРИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА: Г.БАТБАЯР
НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБАНЫ ДАРГА БӨГӨӨД НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН
УЛСЫН ЕРӨНХИЙ БАЙЦААГЧ П.ГАНБОЛД
ХЯНАСАН:
АЭРОДРОМ АГААРЫН НАВИГАЦИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ДАРГА БӨГӨӨД НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ
ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ Г.МӨНХБОЛД
ТАЙЛАН БИЧСЭН:
АЭРОДРОМ, АГААРЫН НАВИГАЦИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ
ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ А.БАТХҮРЭЛ